Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь, Ховд, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-30-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “МИКА” зочид буудлын хажууд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 08:11 цагт очиж, 12 ханатай гэр, 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн  “Шинэ-Алтай” худалдааны төвийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 21:13 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 9 дүгээр гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан.    Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 13:43 цагт очиж, иргэн Б-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшинд эд хогшил шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /54 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ угаартсан байсныг аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.     

    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багийн 4 дугаар гудамжинд Иргэн М-ийн эзэмшлийн “Фургон” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 06:08 цагт / хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай  2 км замыг туулан 06:10 цагт очиж, хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 7 минут ажиллаж  унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Харуугийн жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 205 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.19-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 автомашин, сумын ЗДТГ-ын 5 ажилтан, 1 автомашин, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэй ажиллаж, түймрийг 06.21-ний өдрийн 07:00 цагт цурманд оруулж, 06.25-ны өдрийн байдлаар түймрийн зүүн хойд болон зүүн урд талдаа цурмыг цэвэрлэн ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 4 га талбай шатсан./

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Ар хучингийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 120 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 14 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 2 иргэн, нийт 28 хүн, 2 автомашинтайгаар ажиллаж, 06.25-ны өдрийн 07:44 цагт түймрийг цурманд оруулж, 19:30 цагт бүрэн унтраасан. Түймрийн голомтод 06.25-ны өдрийн 04:00-05:00 цаг, 13:30-16:00 цагийн хооронд усархаг бороо орсон.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, Сэлэнгэ сумын төвөөс  зүүн зүгт 70 км-т, Хялганат тосгоноос зүүн зүгт 55 км-т/ ойн түймэр 06.23-ны өдрийн 16:12 цагт www.fires.ru сайтад илэрсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 18 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 26 иргэн, 3 автомашин, нийт 44 хүн, 5 автомашинтай ажиллаж, 06.24-ний өдрийн 22:36 цагт түймрийг цурманд оруулсан. 06.24-ний өдрийн 20:00 цагт түймрийн голомтод усархаг бороо орсон. 06.25-ны өдрийн байдлаар цурмыг цэвэрлэн ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан./

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Сэнжид хад” гэдэг газар ойн түймэр 06.22-ны өдрийн 18:55 цагт www.fires.ru сайтад илэрсэн. 06.24-ний өдрийн 22:00 цагаас 22:30 цаг, 06.25-ны өдрийн 14:00 цагаас 16:00 цагийн хооронд усархаг бороо орж түймэр унтарсан. 06.26-ны өдрийн 06:00 цагийн байдлаар www.fires.ru сайтад түймрийн цэг илрээгүй. /Уг гал түймэр рүү автомашин болон мориор явах боломжгүй./

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой  багийн “Анжаалын даваа” гэдэг газар /сумын төвөөсөө баруун зүгт 90 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 19:45 цагт /19:50 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 автомашинтай, Хушаат сумын 12 иргэн, 2 автомашинтай, Баруунбүрэн сумын 10 иргэн, 1 автомашин, 2 морь, нийт 35 хүн, 4 автомашин, 2 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 06.25-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд бага зэргийн бороо орсон. /Түймэрт урьдчилсан байдлаар 40 га талбай шатсан./

Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Хоовон даваа” гэдэг газар /сумын төвөөс  зүүн хойд зүгт 40 км, аймгийн төвөөс хойд зүгт 240 км-т/ ойн түймэр  гарсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 14:30 цагтхүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 21:10 цагт цурманд оруулж, 06.26-ны өдрийн 00:30 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 5 га талбай шатсан./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top