ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН МЭДЭЭ

oi-heer-3.jpg

Архангай аймгийн нийт нутгаар 2020 оны өвөл, хаврын улиралд хур тунадас багатай 4,5 дугаар сарын өдрийн агаарын температур 24-27 градус хүрч халсан нь олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас 1.1-5.3 градусаар дулаан, нийт нутгаар хуурайшилтын зэрэг ихсэж нэн аюултай түвшинд хүрсэн байна.

Аймгийн хэмжээнд 2020 оны 5 дугаар сарын байдлаар Булган, Чулуут, Цахир, Батцэнгэл, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэбулган, Жаргалант зэрэг 8 суманд 13 удаагийн ой, хээрийн түймэр гарч 2528га ой, хээрийн талбай шатаж нийт 390,0 сая гаруй төгрөгний хохирол учирсан байна.

Тус түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 158 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын 25 алба хаагч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ОБХ-ийн 9 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас 12 алба хаагч хүн нэмэгдүүлэн ажиллаж, 8 сумын мэргэжлийн ангийн 528 төрийн алба хаагч, орон нутгийн 485 иргэд, нийт 114 техник хэрэгсэлтэйгээр гарсан гал түймрийг 1-8 хоногийн хугацаанд унтраасан байна.

Гал түймрийн голомтод аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас хэрэг бүртгэлт хийж 5 түймрийн эзэн шалтгааныг тогтоож санамсар болгоомжгүйгээр түймэр тавьсан 1 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгний торгууль ногдуулсан ба бусад түймрийн хэрэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар түймрийн эрсдэл ихтэй сумдад Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ой, хээрийн түймэр унтраах шуурхай бүлгийг 20 хоногийн хугацаанд байрлуулж гарсан түймрийн га талбайг томруулалгүй хохирол багатай унтраах арга хэмжээг авч ажиллалаа.

scroll to top