Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Ихэнх нутгаар баруун өмнөөс 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-ны өдөр нутгийн хойд хагаст, 23-ны өдөр нутгийн зарим газраар, 24-ний өдөр говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-ний өдөр ихэнх нутгаар, 22-ны өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с давж, 23,24-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. 21-ний өдөр нутгийн баруун хагаст, 22-ны өдөр ихэнх нутгаар эрс сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Сутайн буянт” зах гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 10:30 цагт очиход тус захын хашаанд иргэн Б-ын 6х7 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодой” зуслангийн 6 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:00 цагт очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо багийн “Сар толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ Малчин Б-ийн амбаар, 5 ханатай 2 гэр 05.19-ний өдрийн 02:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-ийн 4х5 метрийн хэмжээтэй амбаар, хураалгаатай байсан 5 ханатай 2 гэр шатсан тухай мэдээллийг Цагдаагийн хэсгийн мөрдөгч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Сант сумын Засаг даргын Тамгийн газраас ажлын хэсэг 05.19-ний өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Долоогийн булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ Малчин Г-ын амбаар, 5 ханатай гэр 05.19-ний өдрийн 17:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд малчин Г-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр, эд хогшил шатсаныг унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.  

Архангай аймгийн Цэнхэр сумын 6 дугаар багийн “Татварын хороолол”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 27 км замыг туулан 18:56 цагт очиход иргэн Ц-ын 3х4 метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн “Хангийн-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 32 км-т/Малчин Б-ын суудлын автомашин 05.18-ны өдрийн 19:25 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 05.19-ний 19:50 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-ийн эзэмшлийн “Пробокс” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг тухайн иргэн өөрөө аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39/Б байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 01:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 01:27 цагт очиход иргэн М-ийн “Сондро” хүнсний дэлгүүрийн хөлдөөгч шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороо, УБТЗ-ын “Хангай” өртөө галт тэрэгний зүтгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 17:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 17:26 цагт очиход УБТЗ-ын 498 дугаар километрт Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны галт тэрэгний зүтгүүрийн хөдөлгүүр хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Өвөрт-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 470 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж, 05.20-ны өдрийн 02:30 цагт цурамд оруулж, 04:03 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 3500 га талбай шатсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хоохойн-Ам” гэдэг газар /дүүргээс баруун хойд зүгт 20 км-т/ “Туул” голын эрэг дээр гэр бүлийн 3 хүн амарч байх үед бага насны хүүхэд усанд осолдсон тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Аврах анги-105-ын алба хаагчид 05.19-ний өдрийн 06:00 цагаас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн М /5 настай эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:45 цагт “Бөөгийн -Урц” гэдэг газар/ осолдсон газраас 13 км-ын зайтай/-аас усны мандал дээрээс модонд тээглэж тогтсон байдалтай цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top