Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дорноговь, Завхан, Сүхбаатар, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр  29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал:   27-нд төв болон зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Тахилт”-ын 7 дугаар гудамжинд иргэн А-ийн 5 ханатай гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 09:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км зам туулан 09:40 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ тус  сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 07.20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн /эмээл нь ус болсон/ Хоромдох голд живсэн байж болзошгүй  тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг 07.25-ны өдрийн 06:30 цагаас Хотон нуурын усанд 14 км-т завиар явж 3-5 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, 5 удаа дүрс бичлэгийн камер оруулж шалгасан. Голын эрэг дагуу явганаар эрэлч нохойтой хамт самналт хийн зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.26-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

4.Мэдээлэл:

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн “Хар-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 54 км-т, сумын төвөөс хойд  зүгт 8 км-т/ Иргэн Б-ын “Газел” загварын ачааны автомашин 07.26-ны өдрийн 00:20 цагт шатсан.  Мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Эрхэмбаяр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top